Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Багахангай-Хүннү чиглэлийн салбар төмөр зам

БАГАХАНГАЙ-ХҮННҮ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 1-р сарын 8 113 үзсэн article
БАГАХАНГАЙ-ХҮННҮ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, транзит болон ачаа тээврийн урсгалыг хотоос гадагш чиглүүлэх бодлогын хүрээнд Хүннү хотыг дагуул жишиг төв болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас ачаа барааг төвлөрсөн байдлаар түгээх дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр зам барьж байгуулна. Тус төмөр зам нь нийт 102.8 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөг бүхий 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Энэхүү салбар төмөр зам нь ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах үндсэн дэд бүтцийн суурь болох юм.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 орчим хувьтай байгаа бөгөөд цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан 2026 оны гуравдугаар сарын 15-наас талбайн ажлыг дахин эхлүүлэхээр төлөвлөж, инженер техникийн ажилтнууд барилга угсралтын ажлын талбайн бэлтгэлийг хангаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаагаас нэг галт тэрэг нэвтрэх бүрд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Үүнийг хоногт шилжүүлэн тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал саатдаг гэсэн судалгаа, тооцоолол бий. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилд дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалаас 300 гаруй салаа замаар дамжин түгээгддэг байна. Эдгээр ачааны урсгал хотын төвөөр дамжин өнгөрч буй нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын хөдөлгөөний саатал, түгжрэлийг улам хүндрүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болж байна. Харин Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг төвөөс гаргаж, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна.

Дашрамд дурдахад, Хүннү хот чиглэлд тавигдаж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна.

BAGAHANGAI–HUNNU CITY BRANCH RAILWAY NEARS COMPLETION

Construction and assembly work on the Bagahangai - Hunnu City branch railway has reached about 90 percent completion, according to project officials. The railway is a key component of efforts to reduce traffic congestion in Ulaanbaatar by diverting transit and freight transport away from the city center and supporting the development of Hunnu City as a model transportation hub.
The project includes the construction of a third-class railway with a total length of 102.8 kilometers, a 1,520-millimeter gauge, three stations, and a 2.5-kilometer bridge structure with four crossings. The railway will provide the core infrastructure for organizing freight transport through satellite cities and logistics zones without passing through the capital’s central areas.
Construction is being implemented in two stages. In the first stage, 87.85 kilometers of railway from Bagahangai Station to Khushig Station are being built by Ulaanbaatar Railway (UBTZ), while the remaining 14.95 kilometers will be completed in the second stage. The first stage is currently nearing completion, and depending on weather conditions, on-site work is planned to resume from March 15, 2026.
At present, Ulaanbaatar has 14 railway-road crossings, where road traffic is halted for an average of four minutes per passing train. This results in an estimated daily traffic delay of more than two hours. Annually, around 190,000 wagons and 50,000 containers of domestic and imported cargo are unloaded at major stations in the capital and distributed through more than 300 branch roads, placing significant pressure on urban infrastructure.
With the commissioning of the Bagahangai - Hunnu City branch railway, freight traffic is expected to be diverted away from the city center, supporting satellite city development, boosting regional economic activity, and increasing average road traffic speeds in the capital by an estimated 4 percent.
More than 2,500 engineers and specialists from approximately 110 domestic enterprises are currently involved in the railway construction toward Hunnu City, highlighting the project’s significant contribution to employment and national infrastructure development.