Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

НИДЕРЛАНДЫН “ROOM FOR THE RIVER”: ҮЕРТЭЙ ТЭМЦЭХ БУС, ЗОХИЦОН АМЬДРАХ ШИЙДЭЛ

2026 оны 4-р сарын 21 14 үзсэн photo
НИДЕРЛАНДЫН “ROOM FOR THE RIVER”: ҮЕРТЭЙ ТЭМЦЭХ БУС, ЗОХИЦОН АМЬДРАХ ШИЙДЭЛ

Сүүлийн жилүүдэд хотын барилгажилт эрчимжиж, гэр хороолол төлөвлөлтгүй газар тэлсэн нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан, замын борооны ус зайлуулах сүлжээ, ус хүлээн авах шүүрт зэргийн хүчин чадлыг давуулан ачаалж, одоогийн байгууламжууд хуучирч муудах, хүрэлцээгүй байх зэрэг асуудлууд тулгамдаж байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үерийн давтамж, эрчим эрс нэмэгдэж, бодит хохирол өндөр түвшинд хүрч байна. Ялангуяа 2023 оны үер нь сүүлийн 50 жилд тохиолдсон хамгийн хүчтэй үерүүдийн нэг гэж үнэлэгдсэн. Эдгээр эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн аюулгүй байдлыг хангахад үерийн хамгаалалтын байгууламжийг шинээр бий болгох нэн тэргүүний шаардлагатай байгаа билээ.
Тиймээс 2023 оны Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний “Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” -нд Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс бүрэн хамгаалахын тулд хотын төвийн дүүргүүдийн 25 байршилд, хаяа дагуул хотын 11 байршилд, зуслангийн бүсийн 6 байршилд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөсөн. 

Эхний ээлжийн нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан нийт 92.696 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.
Техник эдийн засгийн үндэслэлийг Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ, Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг БИ ЖИ ЭМ ХХК зэрэг байгууллагууд 2025 оны 6-р сараас боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай явагдаж байна.

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр манай улсын нийгэм, эдийн засгийн хувьд 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна, айл өрхийн эд хөрөнгийн хохирол, нүүлгэн шилжүүлэлт, амь насны эрсдэл буурч, жил бүр давтагдах их хэмжээний эдийн засгийн хохиролоос урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагааны тасалдал, даатгал, нөхөн төлбөрийн дарамт буурах юм.