Австралийн Sydney хотод хэрэгжиж буй Sydney Olympic Park Water Reclamation System нь хотын усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах чиглэлээр дэлхийд жишиг болсон томоохон төсөлд тооцогдож байна.
Тус систем нь бохир болон борооны усыг цэвэршүүлэн дахин ашиглах замаар жилд 850–900 сая литр ундны ус хэмнэдэг байна. Мөн жил бүр 550 сая литр орчим бохир усыг боловсруулж, ногоон байгууламж услах, ариун цэврийн систем, спортын талбай зэрэгт дахин ашиглаж байна.
Судалгаагаар Sydney Olympic Park орчмын усны хэрэглээний 80 хүртэл хувийг дахин боловсруулсан ус эзэлж байгаа нь ундны усны хэрэглээг 50-иас дээш хувиар бууруулах боломж бүрдүүлжээ. Энэхүү систем нь ойролцоогоор 30 мянга гаруй оршин суугч, ажлын байрны хэрэгцээг хангаж байна.
Төслийн хүрээнд ус цэвэршүүлэх орчин үеийн технологи болох мембран шүүлт, биологийн боловсруулалт, урвуу осмос, хэт ягаан туяаны ариутгал зэргийг ашиглаж байгаа юм. Мөн ундны болон дахин боловсруулсан усыг тусдаа шугамаар түгээх “давхар хоолойн систем”-ийг нэвтрүүлжээ.
Байгаль орчны хувьд тус төсөл нь далайд нийлүүлэх бохир усны хэмжээг бууруулж, хотын усны экосистемийг хамгаалахад чухал нөлөө үзүүлсэн байна. Жил бүр 45 тонн орчим хог, бохирдлыг усны системд орохоос өмнө шүүн барьж байгаа нь онцлог юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү туршлага нь хотууд усны нөөцөө нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр хайхаас илүүтэй, ашигласан усаа дахин боловсруулж ашиглах нь илүү үр дүнтэй болохыг харуулж байна.
Эх сурвалж: Олон улсын усны менежментийн судалгааны тайлангууд
