Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж буй билээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжүүдийг байгуулах, аймаг, сум, дүүргүүдэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бий болгохоор төлөвлөж байна.
Энэхүү үндэсний хөдөлгөөнийг дэмжин Нэгдсэн төслийн удирдлагын газрын албан хаагчид 2026 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 600 ширхэг давхар дэлбээт буйл болон хайлаас мод тарьж, суулгалаа. Албан хаагчид зөвхөн мод тарьж үлдээх бус, цаашид тогтмол усалгаа, арчилгаа хийж, ургуулан хамгаалах зорилт тавин ажиллана.
