Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦ: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН ГҮҮРЭН ГАРЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2026 оны 5-р сарын 7 35 үзсэн article
ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦ: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН ГҮҮРЭН ГАРЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 

Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх “Явган хүний гүүрэн гарц”-ын барилга угсралтын ажлыг хийж байна. Тус гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөртэйгээр төлөвлөгджээ. Одоогийн байдлаар гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд төмөр замын урд, хойд хэсэг болон Залуус хорооллын урд талын шонт суурь, суурийн ажлуудыг хийж байна.

Гүүрэн гарцыг зорчигч өгсөж уруудахад огцом налуугүй байхаар төлөвлөсөн тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэх юм. Энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Таван шарын нүхэн гарцын нийт барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ногоон байгууламж, борооны ус зайлуулах систем болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгажээ. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан байна. Одоогоор нийт 2900 метр урт авто замын гэрэлтүүлгийн кабелийг татан ашиглалтад оруулсан нь шөнийн цагт үүсдэг “сохор бүс”-ийг арилгаж, осол гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлснээр гол болон туслах замуудын уялдаа холбоо сайжирч, авто замын огтлолцлын зөрчил буурна. Ингэснээр хөдөлгөөний урсгал тасралтгүй болж, замын сүлжээний ачааллыг оновчтой хуваарилах боломж бүрдэхээс гадна замын түгжрэл, саатал буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах юм.