ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ын бүтээн байгуулалт 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхэлсэн.
Уг станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах юм. Төсөл хэрэгжсэнээр Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөртэй, эрчимтэй тэлж буй бүсүүдийн хэрэглээг тогтвортой хангана.
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Дулааны хоёрдугаар цахилгаан станц 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг тус талбайгаас зөөвөрлөх ажил эхэлсэн.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл болон Хүннү хотын цахилгаан дулааны станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас 2025 оны байдлаар гарсан нийт 840 мянган куб метр лаг хуримтлагдаад байна. Бохир ус цэвэрлэх явцад үүсдэг лаг нь өндөр органик агууламжтай, амархан ялзрах шинж чанартайгаас гадна нян, шимэгч хорхой ихээр агуулдаг тул байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм.
Иймд лагийг усгүйжүүлэх, хэмжээг бууруулах, тодорхой хэсгийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах зорилготой “Лаг шатаах үйлдвэр” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн ТЭЗҮ боловсруулагдаж дууссан бөгөөд тендер шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нарийвчилсан судалгааг эхлүүлжээ.
Тус үйлдвэр нь одоогийн болон шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах лагийг бүрэн боловсруулахаас гадна ахуйн хатуу хог хаягдлыг хамтран боловсруулах боломжтой байх юм.
ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН УРАЛДААНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
