Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД

2026 оны 5-р сарын 18 39 үзсэн article
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Дулааны хоёрдугаар цахилгаан станц нь 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс зөөх ажлын эхлүүлээд байна. Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсын анхны төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа эрчим хүчний төсөл юм. 

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУССАН
Жилдээ нийслэлд 1.5 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүнээс ердөө 25 хувийг нь дахин боловсруулж байна. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн барихаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлагдсан.
Төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 16-нд нээж, 2 оролцогч санал ирүүлээд байна. Төслийн хүрээнд 158 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 135 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудтай зөвшилцөх ажил үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын 2,333 яндан байхгүй болно гэсэн тооцоо гараад байгаа юм. Морингийн давааны үйлдвэрийн хүчин чадлын хувьд, жилд 1.5 сая тонн хог шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх урьдчилсан тооцоолол гарсан. 

“ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР”
ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Уг төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд уг шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно. ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Тендерийн сонгон шалгаруулалтыг зарлахаар бэлтгэж байгаа бөгөөд НЗД-ын захирамжаар Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан нарийвчилсан судалгааг эхлүүлсэн. Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах ач холбогдолтой юм.