СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН НИЙТ ГҮЙЦЭТГЭЛ 32.6 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 8,575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгоно. Төсөлд нийт 113 блок бүхий 8,575 айлын орон сууц баригдаж байгаагаас 100 блокийн барилга угсралтын ажил эхлээд байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж байгаа юм. Энэ оны долдугаар сар гэхэд барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй байна. Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэл 65 хувьд хүрэхээр зорин ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
БАЯНХОШУУ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА
Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн бөгөөд эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, Нийслэлийн Орон Сууцны Корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын 4 блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын 3 блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай эрчимтэй үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 37м2 – 2 өрөө, 54 м2 – 3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20% бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц бөгөөд 3 төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой , угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн 00 суултууртаа хэрэглэдэг, айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм.
Шархад дэд төв эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99% гүйцэтгэлтэй байна. Тус дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 338 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа юм.
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7га та талбай бүхий 3000 айлын орон сууцнаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210-ыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, гэр хороололд хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны барилга байгууламж барих хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилт олгож ногоон зээлд хамрагдах өрхүүдэд зориулсан зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
ХҮННҮ ДЭД ТӨВИЙГ ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ СТАНЦУУДЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА
Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болох юм.
Хүннү дэд төвийн бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд нийт ажил 82 хувьтайгаас гадна тус хотод 127,4 км автозам барихаар төлөвлөснөөс авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. Төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай явагдаж байна.
