ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК АШИГЛАЛТАД ОРСНООР МАЛААС ГАРЧ БАЙГАА ТҮҮХИЙ ЭДИЙГ ХАЯГДАЛГҮЙ БОЛОВСРУУЛНА
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд болон орон сууцны хороолол зэрэгцэн оршиж байгаа бөгөөд Харгиа цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр, хөрсний бохирдол нь иргэдийн гомдол шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан хотын дунд үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос ноолуур, мах боловруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т байршуулснаар тухайн хэсэг болох 19,20-р хорооны бохирдсон хөрсийг нөхөн сэргээж дахин төлөвлөлт хийн, оршин суугаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Одоогийн байдлаар “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах 9 үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангаж байна. Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй 8 үйлдвэр нэмэлтээр бүртгэгдсэн
Мөн төслийн хүрээнд үндсэн дэд бүтэц болох "24 МВт-ын Дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламж" төслийн хүрээнд БОННҮ-ний тайланг БОУАӨЯ-ны хурлаар хэлэлцүүлж, ДЦС-ын эскиз зургийг Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан. Барилгын ажил эхлэх зөвшөөрөл хүсэх баримт бичгийн бүрдлийг хангаж, инженер-геологийн судалгааг хийлгээд байна. ДЦС-ын үндсэн тоног төхөөрөмжүүдийн техникийн тодорхойлолтыг эцэслэж, үйлдвэрлэл эхлэх бэлтгэл ажлыг хангасан. ДЦС-ын барилгын хамгаалалтын түр хашаа, ажилчдын түр сууцыг барьж эхлээд байна. Эрчим хүчний яамнаас шаардлагатай техникийн нөхцөлүүдийг авч, Эрчим хүчний зохицуулах хороонд "Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл" авахаар материалаа илгээсэн. Зураг төслийг батлуулах, эрчим хүчний барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой бусад зөвшөөрлүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас авахаар бэлтгэлийг хангаж байна.
Төсөл хэрэгжсэнээр дагуул хотын эхлэл тавигдах бөгөөд эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг төслийн талбайд нүүлгэн шилжүүлнэ. Нийт 5,600 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгохоос гадна тойрог эдийн засгийг дэмжих замаар малаас гарч байгаа түүхий эдийг хаягдалгүй боловсруулж, импортыг орлож, экспортод гаргахаар төлөвлөгдөөд байна.
ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА
Улаанбаатар хот болон бусад суурин газрууд, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг ус хангамжийн эх үүсвэрээр найдвартай хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, түүний дотор гадаргын усыг ашиглах зорилгоор Туул Усан цогцолбор төслийн техник эдийн засгийн судалгааны ажлууд хийгдэж байгаа бөгөөд төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpa project international limited llc) ХХК нь “Туул усан цогцолбор” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд 1-р үе шатны ажлын явц 90 хувьтай байна.
Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын иргэдийг ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болгож, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын зэрэгцээ нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.
Туул усан цогцолбор нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Туул усан цогцолбор төсөл нь нийт 5569 ам.метр талбайг хамарна. Төслийн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар байхаар тооцоологдсон бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах томоохон төслийн хүрээнд нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд хотын хэмжээнд үерийн хамгаалалтын байгууламжуудыг өргөтгөж, борооны ус зайлуулах шугам хоолойнуудыг шинэчилж барьснаар үерийн эрсдэл буурч, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн ойролцоогоор 40 км урт борооны ус зайлуулах шугамыг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Эхний ээлжинд нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 95.5 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэгтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг БИ ЖИ ЭМ ХХК 2025 оны 8 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай явагдаж байна. Энэхүү төсөл нь гамшгийн дараах арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих, хотын дэд бүтэц, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөл 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн байна.
