Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой төмөр зам доогуурх нүхэн гарцыг дөрвөн байршилд хэрэгжүүлж буй. Хоёрдугаар байршил буюу Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг 5 метр өндөртэй, 2x11 метрийн өргөн байхаар төлөвлөсөн бөгөөд барилга угсралтын ажил үргэлжилж буй. Уг байгууламж ашиглалтад орсноор өдөрт 27500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх юм.
Газар чөлөөлөлт
Нүхэн гарцын 2 дугаар байршилд нийт 22029 м2 талбай өртсөн. Үүнд иргэн, аж ахуйн нэгжийн 21 нэгж талбар өртсөнөөс нөхөх олговортойгоор 6 иргэн, аж ахуй нэгжийн газрыг чөлөөлсөн бөгөөд 11 нэгж талбарт үнэлгээ хийсний үндсэн дээр гэрээ байгуулахаар хүлээгдэж буй. Харин чөлөөлөгдөөгүй зөвшилцөх шатанд 4 нэгж талбар байна.
Инженерийн шугам сүлжээ
Нүхэн гарцны их биеийн нөлөөлөлд өртсөн 800мм-ийн диаметртэй дулааны хос шугамыг шилжүүлэх ажил хийгдсэн.
Авто замын нөлөөлөлд өртсөн дулаан, уурын шугам, бохир усны шугамын шилжүүлэг, цахилгаан, холбооны шугамын шилжүүлгийн ажил болон борооны ус зайлуулах байгууламжийн ажлыг 2025 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
