Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах зорилготой Дүүжин замын тээврийн төслийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 25/91 дүгээр тогтоолоор байгуулсан. Тус байгууллага нь дүүжин замын тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн чанартай, тогтвортой ажиллуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Төслийн эхний гурван жилийн хугацаанд Францын “ПОМА” групптэй хамтран ажиллах бөгөөд инженер, техникийн ажилтнуудыг дадлагажуулан сургах, ашиглалтын үеийн техникийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сэлбэг хэрэгслийг нийлүүлэх нэмэлт гэрээг өнөөдөр /2026.03.09/ байгууллаа. Гэрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон “ПOMA” группийн Ашиглалт, засвар үйлчилгээний бизнесийн менежер Силвэйн Дубайл нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын инженер, мэргэжилтнүүдийг олон улсын стандартын дагуу бэлтгэх, дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын явцад шаардлагатай техникийн зөвлөгөө, дэмжлэг, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх нөхцөл бүрдэж байна.
Энэ үеэр нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын дүүжин замын тээвэр төслийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нийтийн тээврийн салбарт анх удаа нэвтэрч буй учир ашиглалтад орсон эхний гурван жилд үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс гүйцэтгэгч тал хяналт, баталгаажуулалтыг хариуцахаар гэрээнд тусгаад байна. Энэ хугацаанд үүсч болох аливаа техникийн асуудал болон тоног төхөөрөмжийг Пома групп өөрсдийн зардлаар хариуцан ажиллана.
Дүүжин замын тээврийн төслийг анх Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг хоёр улсын засгийн газар хооронд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан.
Харин дараагийн шатанд хотын хөгжлийн төлөвлөлт, Хан-Уул дүүргийн хүн амын төвлөрөл, суурьшлын нягтаршилтай уялдуулан төслийн чиглэлийг шинэчлэн тодорхойлж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Яармаг,Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гэрээг байгуулснаар гэрээнд анхны өөрчлөлт оруулсан. Цаашлаад системийн техникийн шийдлийг сайжруулж, анх төлөвлөсөн 28 кабиныг 98 болгон нэмэгдүүлж, тулгуурын тоог 18-аас 19 болгон Монгол орны өвлийн эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохируулан хойд буудлыг битүү хийцтэйгээр шинэчилж, зорчигчдын тав тух, ашиглалтын аюулгүй байдлыг хангах инженерийн шийдлийг тусгахаар хоёр дахь өөрчлөлтийг хийсэн.
Өнөөдөр гурав дахь өөрчлөлт буюу “full coaching service” буюу 24 цагийн техникийн дэмжлэгийг талбай дээрээс болон Францаас шууд үзүүлэх зохион байгуулалтыг хийж байна” гэв.
Пома группийн Ашиглалт, засвар үйлчилгээний бизнесийн менежер Силван Дубайл “Монгол улсад анх удаа дүүжин замын тээврийн хэрэгслээр үйлчлэх гэж байгаа учир Улаанбаатар Кабель карын хамт олонтой хамтраад хамгийн найдвартай, аюулгүй шинэ технологийн нийтийн тээврээр үйлчилнэ гэдгийг амлаж байна. Энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар зорьж төлөвлөж ажиллаж байгаа бөгөөд бүх төлөвлөлт, бэлтгэл ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.
Тус арга хэмжээнд Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын захирал Б.Алтансувд, Пома группийн Улаанбаатар дахь төслийн менежер Сесил Брой нар оролцлоо.
Яармаг дахь Арцатаас Хархорингийн Өнөр хороолол чиглэлд баригдаж буй дүүжин замын тээврийн төслийн нийт гүйцэтгэл одоогийн байдлаар 61 хувьтай байна. Төслийн үндсэн суурь бүтцэд хамаарах тулгуур багануудыг бүрэн суурилуулж дууссан бөгөөд дараагийн чухал үе шат болох ган татлага /тросс/ татах, тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажил эхлээд байна. Тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч POMA Group компани төслийн тоног төхөөрөмж, эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтын ажлыг Францын инженерүүд ахлан гүйцэтгэж байна.
