ДЦС-5 нь усны хэрэглээний хувьд эрчим хүчний салбарт шинэ стандарт тогтоохоор байгаа юм. Уг төсөлд ашиглагдах агаарын хөргөлтийн систем нь уламжлалт усны хөргөлтийн үүргийг агаарын урсгалын тусламжтай гүйцэтгэх бөгөөд ингэснээр жилийн нийт усны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулах тооцоо гарсан. Усны менежментийн цогц системийн үр дүнд ДЦС-5 нь ижил хүчин чадалтай уламжлалт станцтай харьцуулахад жилд хэдэн сая куб ус хэмнэх давуу талтай. Хаягдал усаа дахин ашиглах дотоод системтэй тул станцын ажиллагааны явцад гарах бүх хаягдал ус, конденсатыг цуглуулж, түүнийгээ цэвэршүүлэн дахин ашиглах сав, шугам хоолойн системийг шийдсэн.
Дэлхийн хот сууринуудад тулгарч буй экологийн гол асуудлуудын нэг болох агаарын бохирдол нь Улаанбаатар хотын хувьд хамгийн тэргүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал юм. Жилийн бараг хагаст нь буюу хүйтэн сэрүүний улиралд манай хотын PM2.5 тоосонцрын хэмжээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж болох 10мкг/м3-ээс хэдэн арван дахин их утгад хүрдэг. Энэхүү нөхцөл нь амьсгалын замын өвчин, зүрх судасны эмгэг болон бусад эрүүл мэндийн асуудлын суурь шалтгаан болж, нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг улам бүр доройтуулсаар байна. Агаарын бохирдлын эх үүсвэрүүд нь олон янз байдаг ч эрчим хүчний буюу хуучин дулааны цахилгаан станцууд болон гэр хорооллын яндангийн утаа, тоос тортог, тээврийн хэрэгслийн хорт хийн ялгаруулалтаас голлон бий болж байна. Одоогийн дулааны цахилгаан станцуудын шүүх систем хоцрогдож, муудсан учраас ялгарч буй хорт хийн хэмжээ, хор уршиг зохистой нөхцөлөөс хэт давж байна. Харин ДЦС-5 ашиглалтад орсноор уг байдлыг өөрчлөхөд чухал хувь нэмэр оруулах юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй ДЦС-5 төсөл хэрэгжиж, дэвшилтэт утаа шүүх технологи, ус хэмнэх систем, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлснээр иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчрах чухал алхам болж байна.
ДЦС-5-д суурилуулах утаа шүүх систем нь дэвшилтэт хуурай электростат шүүлтүүрийг ашигладаг. Энэ технологи нь утаан дахь тоосонцорт цахилгаан цэнэг өгч тунадасжуулах зарчмаар ажилладаг бөгөөд жижиг тоосонцрыг ч шүүдэг давуу талтай.
