Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах томоохон төслийн хүрээнд нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд хотын хэмжээнд үерийн хамгаалалтын байгууламжуудыг өргөтгөж, борооны ус зайлуулах төв магистраль шугамуудыг барьснаар үерийн эрсдэл буурч, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн ойролцоогоор 40 км урт борооны ус зайлуулах шугамыг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн онцлог нь шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлохдоо давирхай (resin) болон тусгай нэхмэл доторлогооны материалыг ашигладаг аж. Энэхүү материалыг хоолойн дотор байршуулж бүрэн хатууруулсны дараа нэгэн төрлийн хатуу, битүү пластик хоолой болж хувирдаг байна. Ингэснээр ус нэвтрүүлэхгүй, задрахгүй, урсгалд уусахгүй давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, уг материал нь хатуу хуванцар бүтэцтэй болж бэхждэг тул пластик усанд уусч гол, хөрсний ус руу тархана гэсэн эрсдэлгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Иймээс байгаль орчин болон усны чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүй, аюулгүй технологи гэдгийг онцолжээ.
Мөн барилгын ажлын үеийн тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурч, байгаль орчинд ээлтэй шийдэл юм.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөл 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн байна.
